ДЭЛХИЙН ТЕАТРЫН ДЭЭД ЖИШИГ: АЛЕКСАНДРИНСКИЙ ТЕАТР
1756 онд байгуулагдсан Санкт-Петербург хотын "Александринский" театр нэрийн хуудас болсон сүрлэг неоклассик цогцолбортоо 1836 онд төвхнөж Н.В.Гоголийн алдарт "Байцаагч түшмэл" жүжгээр хөшгөө нээсэн түүхтэй. Орчин үеийн театрын тулгуур арга зүй болох “Биомеханик”-ийг үндэслэгч Всеволод Мейерхольд энэ театрт бүтээн туурвиж, 1917 онд М.Ю.Лермонтовын "Багт наадам" жүжгийг тавьсан нь театрын түүхэнд тодоор бичигдсэн юм.
Өнөө цагт "Александринский" театр түүхэн сүрлэг тайзандаа сонгодог урын сангаа толилуулахаас гадна орчин үеийн өндөр технологи бүхий шинэ тайзнаа медиа урлаг, виртуал орчин бүхий театрын амьд лаборатори бүхий контемпорари театрын томоохон төв болжээ. "Александринский" театр 2006 оноос хойш 17 дахь жилдээ зохиогдож буй “Александринский" олон улсын театрын фестивальд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг оролцож, домогт тайзнаа есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд тоглохоор бэлтгэлээ хангаад байна.