Aliquid quis maxime vero.

Захирлын мэндчилгээ

Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Намнангийн Наранбаатар

*Улсын Драмын Эрдмийн Театр 95 жилийн түүхэндээ Монгол Улсын орчин үеийн хөгжил, соёл урлагийн түүхийн гэрэлт хуудас, чиг хандлагыг тодорхойлогч байсаар ирсэн билээ. Бид энэ хүртэл бүтээсэн оюун санааны өвдөө тулгуурлан ирээдүйд баримтлах бодлогоо шинэчлэн боловсруулж байна. УДЭТ-ын уран бүтээл болоод байгууллагын хөгжлийн замын зургаа тодорхойлох ажлыг бид 2025-2031 он хүртэлх дунд хугацааны стратегийг боловсруулахаас эхлүүлсэн юм.

“Шинэ замд хамтдаа” уриан дор хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөндөө бид нээлттэй, олон ургалч үзэл санааг чухалчилж, өндөр бөгөөд бодитой зорилго тавьсан. Шинэчлэлийг эрчимтэй хийж, түүхэн замналынхаа туршид бүтээсэн уламжлалаа төгөлдөржүүлж, дотоод болон гадаад хамтын ажиллагаагаа тэлэх нь “Шинэ замд хамтдаа” театрын хөгжлийн бодлогын гол үзэл санаа юм.

Улсын Драмын Эрдмийн Театр 2031 оныг хүртэл урын сангийн газрын зургаа бодитойгоор тэлж, үндэсний театрын судалгаа, зохиолын төв болж, театрын урлагийн байгууллагуудын үндэсний нэгдлийг үүсгэн, олон улсын нэр хүнд бүхий театрын наадамд хоёр жил тутам оролцдог болох бодит зорилго дэвшүүлсэн. Олон улсын хамтын ажиллагаагаа тэлснээр бид дэлхийн театрын хөгжлийн түвшинтэй уран бүтээлээ бүтээлчээр харьцуулж, хөгжлийн зөв зам дээрээ байгаа эсэхээ итгэлтэйгээр тодорхойлж, цаашид ямар хугацаанд, ямар чиглэлд, ямар хурдаар ажиллахаа тодорхойлох боломжтой юм.

Улсын Драмын Эрдмийн Театр нь ойрын зургаан жилд үндэсний жүжгийн сэргэлт болон хөгжлийн жил, сэдэвлэсэн жүжгийн жил, өрнө болон дорно дахины жүжгийн жил гэсэн жил тутмын уран бүтээлийн замын зураг гаргасан. Бидний энэ зорилгод нэгдэж, хамтран ажиллах боломж театрын мэргэжлийн уран бүтээлч хэн бүхний өмнө нээлттэй юм.

Улсын Драмын Эрдмийн Театр Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв цэг байсаар ирсэн. Харин 100 жилийн түүхт ойг хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, оюуны эрэл хайгуулын үр дүнд Улсын Драмын Эрдмийн Театр мэргэжлийн өндөр түвшний, дэлхийн хэмжээний театр болох болно. Энэ бол бидний урагшлах цаг, нэгдэх цэг юм.*

Цэс