“Тэнгэрийн хүү” жүжгийн орос хэл дээрх уран зохиолын орчуулгыг хүлээн авлаа

Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Улсын Драмын Эрдмийн театр МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр оролцоно.

Их Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюйн түүхэн дүр, түүний амьдрал, үйл хэрэг, төрт улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлсэн түүхэн замналыг өгүүлсэн тус бүтээл нь Монголын түүх, төрт ёсны уламжлал, үндэсний оюун санааг тайзны урлагийн хэлээр илэрхийлсэн онцлог бүтээл юм.

Монголын түүх, соёлын өвийг олон улсын үзэгчдэд хүргэх, үндэсний театрын уран бүтээлийг дэлхийн мэргэжлийн урлагийн хүрээнд таниулах зорилтын хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийн орос хэл дээрх уран зохиолын орчуулгыг хэл шинжлэлийн доктор, дэд профессор Д.Цэцэгдэлгэр хийж, Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн, 50 гаруй романыг орчуулж, 20 гаруй бүтээлийг олон түмний хүртээл болгосон нэрт дуун хөрвүүлэгч О.Чинзориг редактороор ажиллаж Улсын Драмын Эрдмийн театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Орос хэлнээ хөрвүүлсэн энэхүү ажил нь УДЭТ-ын сор бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг олон орны үзэгчдэд уран яруу, бүтээлийн агуулга, хэл найруулгын онцлогийг хадгалан толилуулах чухал алхам болж байна. Цаашлаад тус бүтээл бусад орны хэлнээ хөрвөн, Монголын түүх, соёл, үндэсний театрын урлагийг олон улсын үзэгчдэд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тус бүтээл 2026 оны есдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

📍 Александринский театр

Тасалбар худалдан авах: https://alexandrinsky.ru/afisha-i-bilety/syn-tengri/

Цэс