“Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа амжилттай нээлтээ хийлээ

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Х. Намсараевын нэрэмжит Буриадын драмын эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн олон улсын төсөл амжилттай хэрэгжиж, 2026 оны 06 дугаар сарын 10,11-ний өдөр Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа амжилттай нээлтээ хийлээ.

Уг төслийн хүрээнд “Татьяна” жүжгийн гол дүр болох Евгенийн дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Сэргэлэн (СТА), Татьянагийн дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золзаяа (СТА) нар 2 сар хагасын хугацаанд Буриадын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Буриад аялгаар амжилттай тоглож, үзэгчдийн халуун алга ташилт, талархлыг хүлээн авлаа.

Энэхүү төсөл нь Монгол Улс болон ОХУ-ын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр театрын уран бүтээлчдийн мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй дэлхийн сонгодог бүтээлийг орчин үеийн тайзны шинэ шийдэл, тавилтаар үзэгчдийн хүртээл боллоо.

Хоёр орны театрын урлагийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн болсон энэхүү бүтээл нь соёлын харилцааг гүнзгийрүүлэх, уран бүтээлчдийн туршлага солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Цэс